Баянгол дүүрэг, 11-р хороо, эх нялхсын-19 тоот /эх нялхсын хашаан дотор/
Даваа-Баасан: 08:30 - 17:00Бямба: 09:00 -16:00Ням: 10:00 - 14:00
Төрөлт ойртох тусам гэдэс томрохын хэрээр жирэмсэн эхчүүдийн маань хийх чухал зүйлийн нэг нь хөхөө бэлтгэх явдал юм.Тун удахгүй мэндлэх ангаахай бяцхан үрдээ ангир уургаа амлуулж, хөхний сүүгээрээ хооллох нь байгалийн вакцин гэж болохоор үнэт хүнс юм.
Иймд төрөхөөсөө өмнө хөхөө хэрхэн бэлтгэх талаарх багц зөвлөгөөг хүргэж байна.
Хөхний толгой нь гараагүй бол
Жирэмсэн эхчүүдийн хувьд хөхний толгой нь гараагүй байх тохиолдол цөөнгүй. Гэвч хөхний толгой гараагүй байна гээд түүнийг дур мэдэн оролдох нь буруу юм. Харин төрөлт ойртсон үед хөхний толгойг норгож байгаад имрэх байдлаар нааш гаргах нь эх, хүүхдэд аюулгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Ингэхдээ өтгөн хар цай болон буцалсан усаар эсвэл усанд орохдоо хөхний толгойгоо норгож имрэх байдлаар нааш татан гаргаж ирэх юм. Хөхний толгойг оролдож эхлэх хамгийн боломжит хугацаа нь төрөхөөсөө 14 хоногийн өмнөөс эхэлдэг. Тиймээс үүнээс өмнө өөрөө дур мэдэн оролдох, нааш татах, янз бүрийн бүтээгдэхүүн, хэрэгсэл ашиглах нь савны булчинг чангаруулж, тонус өгч, улмаар эх, хүүхдэд эрсдэлтэй байдлыг бий болгодог.
Жирэмсний эрт үед хөхнөөс уураг ялгарах нь хэвийн үү?
Энэ бол хэвийн үзэгдэл юм. Жирэмсний 16 дахь долоо хоногоос эхлэн таны бие уураг ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь хөхний сүүний эхний хэлбэр болдог юм. Мөн энэхүү бүрэлдэж буй уураг нь тээж буй хүүхдийг тань төрөх хүртэлх хугацаанд элдэв халдвараас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна. Зарим эмэгтэйн хөхнөөс жирэмсний хугацаанд бага хэмжээний уураг ялгарах тохиолдол бий. Ингэлээ гээд ямар нэгэн зүйл буруу болоод байгаа хэрэг биш юм.
Хэтэрхий жижиг хөхтэй байх нь хүүхдээ хооллоход нөлөөлөх үү?
Үнэн хэрэгтээ хүүхдээ хөхөөр хооллоход тухайн эмэгтэйн хөхний том, жижиг огтхон ч хамаагүй. Гэвч судалгаагаар жирэмсний үед хөхнийх нь хэмжээ томорч, өөрчлөгдөөгүй эхчүүдийн хувьд сүүний гарц, сүү дамжуулах хоолой, сүү ялгаруулах булчирхайн томорч өргөсөхөд нөлөөлөх асуудал үүсгэж мэдэхээр байгааг тогтоожээ. Харин ч жирэмслэхээсээ өмнө жижигхэн хөхтэй байсан ч хүүхэд тээж эхэлснээс хойш хөхнийх нь хэмжээ эрс томорсон эмэгтэйчүүдийн хувьд хөхөөр хооллоход ямар нэгэн асуудал гардаггүй байна.
Хөх томруулах мэс засал хийлгэсэн бол хүүхдээ хөхөөр хооллож болох уу?
Хөхөөр хооллолтыг судлаачдын үзэж буйгаар мэс заслын аргаар хөхөө томруулсан эмэгтэйчүүдэд хүүхдээ хөхөөр хооллоход ямар нэгэн асуудал үүсдэггүй байна. Гэвч мэдээж хэрэг, хөхөндөө мэс засал хийлгэх нь хөхөөр хооллоход бэрхшээл үүсгэх эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүйг тэд сануулж байна.
Зөвлөгөөг бэлтгэсэн : Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч нар
Powered by Froala Editor