БГД 11 -р хороо, эх нялхасын гудамж -19
Даваа - Баасан 08:30 - 17:00Бямба 09:00 -16:00 Ням 10:00 - 14:00
Чихний хэнгэрэг цоорох гол шалтгаан юу вэ?
Дунд чихний идээт үрэвсэл, гэмтэл гэсэн хоёр голлох шалтгааны улмаас чихний хэнгэрэг цоордог. Чихнээс гарах хулхи булаг хоёрыг хооронд нь ялгадаггүй. Хулхи гэдэг нь эрүүл хүнээс гарах ёстой ялгадас юм. Зарим хүн хуурай хулхитай байдаг бол зарим нь шингэн, нойтон хулхитай байна. Харин булаг гэдэг нь дунд чихний хөндийгөөс гарч буй идээ юм. Дунд чихний хөндийн үрэвсэлтэй , идээ гардаг хүн зайлшгүй чих, хамар хоолойн эмчид үзүүлэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Нэг дэх шалтгаан болох үрэвсэлт өвчний улмаас хэнгэрэг цоорхой болж үлддэг. Ингэж цоорхой үлдсэн тохиолдолд хэнгэргийн хальсгүй гэж үзэн хэнгэрэг нөхөх хагалгааг хийдэг. Харин үрэвсэлт өвчин нь эдгэрэхдээ хэнгэрэг хальс нь битүүрээд эдгэрчихсэн ч сонсгол нь муу байвал дунд чихний хагалгаа хийх шаардлагатай.
Чих яагаад үрэвсдэг вэ?
Бага насны тэр дундаа 3аас доош насны хүүхдүүд анатомийн онцлогоос шалтгаалан дунд чихний цочмог үрэвслээр олон дахин өвддөг. Хамар, чих хоёрын хооронд байдаг сонсголын гуурс нь хүүхдийнх өргөн, богинохон байдаг ба амьсгалын замын өвчин, ханиад тусангуут тус богино гуурсаас чих рүүгээ хүндрэл өгч, үрэвслийн 2, 3-р үе болж хүндрээд, сүүлдээ идээлж, үрэвсэл болгодог. Хэрвээ чих нь булагтай олон дахин идээлээд байвал сонсголын яснуудыг идээд эхэлдэг. Ийм өвчтөнүүдэд зөвхөн хэнгэрэг нөхөх эмчилгээнээс гадна сонсголын ясыг орлуулдаг хагалгаа хийдэг. Удаан хугацаанд цоорхой хэнгэрэгтэй явснаар сонсгол буурах, дунд чихний архаг үрэвсэл даамжрах эрсдэлтэй.
Энэ төрлийн хагалгаанд орох ёстой улирал, нас гэж байдаггүй, бүх насны хүмүүс хэзээ ч хэдийд ч орж болно.
Гэрийн нөхцөлд чихээ хэрхэн цэвэрлэж байх ёстой вэ ? Чихний ариун цэврийн тухайд мэдээлэл сонирхуулахад:
Чихний хуурай хулхитай хүнд онцлох цэвэрлэгээ гэх зүйл байхгүй. Хуурай хулхи нь чихнийхээ сувгаас өөрөө ихэвчлэн унаад гадагшилдаг. Харин нойтон хулхи буюу булагтай хүн нь усанд орсныхоо дараа чих цэвэрлэгч хөвөнтэй модоор чихээ байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Гэхдээ цааш нь гүнзгий бус наана нь өнгөцхөн цэвэрлэж өгнө. Нойтон хулхи чихнийхээ сувгийг бөглөсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан тагласан хулхийг эртхэн авхуулах хэрэгтэй. Хүн бүр бүтэн битүү хэнгэрэгтэй байх ёстой.
Тухайн хүний сонсгол сайжрахгүй ч гэлээ заавал хэнгэргээ нөхүүлж хэнгэрэг нь бүтэн байх ёстой юм. Хэрэв сонсохгүй байгаа тохиолдолд хэнгэрэг нөхүүлсний дараа сонсголын аппарат зүүнэ.
Мэдээллийг бэлтгэсэн: Чих, хамар, хоолойн эмч Н.Энхсумъяа
Powered by Froala Editor